Агаар цэвэршүүлэгчээс ямар ялгаатай вэ?
Бид агаарыг зөвхөн хүчилтөрөгчийг нь авах гэж амьсгалдаг билээ. Тиймээс агаар нь бохирдолгүй байх нь хангалтгүй бөгөөд хангалттай хүчилтөрөгчтэй байх ёстой. Бид амьсгалах бүртээ дотор агаарын хүчилтөрөгч O2-ын хэмжээг багасгаж, нүүрсхүчлийн хий CO2-ын хэмжээг ихэсгэж байдаг тул гаднаас хүчилтөрөгчтэй агаар тогтмол оруулан сэлгэж, хуучныг нь гадагшлуулж байх нь зайлшгүй шаардлагатай юм.
Монголчуудын өргөн ашигладаг тасалгааны агаар цэвэршүүлэгч нь утааны нарийн ширхэгт тоосонцор PM2.5 зэрэг бохирдлыг сайн шүүж чаддаг. Гэвч хүчилтөрөгч авахын тулд цонхоо зайлшгүй нээх шаардлагатай болдог ба утаа, бохирдол дотор нэгэнт орж тархсаны дараа араас нь шүүх нь үр ашиг, зарчмын хувьд дутагдалтай юм.
Харин агаар сэлгэгч нь агаарыг анхнаас нь бүрэн шүүж, хүчилтөрөгчтэй агаар тогтмол оруулж сэлгэж байдгаараа, мөн агаарыг халааж оруулах, дотор орчинд хуримтлагддаг хортой хийнүүдийг зайлуулах, гаднах дуу чимээнээс хамгаалах зэрэг боломжуудыг олгодгоороо давуу тал ихтэй.
Агаар сэлгэх технологи нь шинэ зүйл биш бөгөөд гадны өндөр хөгжилтэй орнуудад оффис, үйлчилгээний барилгаас гадна айл өрхүүдэд өргөн ашигладаг. Харин Монголд айл өрхүүдэд өргөн нэвтэрч амжаагүй өдийг хүрсэн бөгөөд ялангуяа агаарын бохирдол ихтэй, хүйтэн уур амьсгалтай манай оронд агаар сэлгэгчийг өргөн хэрэглэх нь бидний эрүүл мэнд, тав тухад чухал хэрэгтэй юм.